Хайр шингээсэн амьсгал бэлэглэе
Энэ орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ганц будаа тогтох адил ховор хувь заяа гэдэг. Арван сар эхийнхээ хэвлийд эрхлэн аав ээждээ баяр баясгалан болон энэ орчлонд ирэх нь энэ хорвоогийн хамгийн сайхан мөч гэлтэй.
Гэвч бүх хүүхдэд ийм тавилан заяадаггүй ажээ.
Монгол Улсад жилд дундажаар 80,000 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. Үүний багагүй хувийг дутуу төрсөн нярай эзэлдэг бөгөөд ийм нярайд эрүүл мэндийн олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Өнгөрөгч 4 сард Улаанбаатар хотын хэмжээнд 2500 граммаас бага жинтэй 140 гаруй хүүхэд мэндэлсэн байна. Дутуу нярайд эрүүл мэндийн олон хүндрэл тохиолддог бөгөөд амьсгал хямралын эмгэг нь хүндрэл, нас баралтын голлох шалтгаан болдог аж.
Дутуу нярайн амьсгал хямрал нь хамгийн түгээмэл тохиолддог хүндрэл бөгөөд олон улсад 1970 оноос өмнө 100,000 амьд төрөл тутмын 200-280 дутуу нярай дээрх хүндрэлийн улмаас энддэг байжээ. Энэ нь эмнэлэг, төрөх тасгуудад шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, эм бэлдмэлийн хүрэлцээ хангалтгүй байсантай холбоотой бөгөөд орчин үеийн эмчилгээнд хэрэглэгдэж буй эм, эмийн бүтээгдэхүүн хөгжөөгүйгээс шаардлагатай эмчилгээг хийх боломж хомс байсан ажээ.
Харин 1992 онд олон улсад дутуу нярайн амьсгал хямралын Куросурф эмчилгээг олж нээснээр дээрх хүндрэлийн эрсдэл, нас баралтыг бууруулах боломж бүрдсэн юм. Гэсэн ч тухайн эмчилгээг сайжруулан, хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг эмчилгээний арга техникт суралцуулах шаардлага байсан юм.
Монголд ч Куросурф эмчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байсан бөгөөд Монгол Эм Импэкс Концерн хэрэгцээ шаардлагыг мэдэрч 2013 онд Chiesi /Кейси/ компанитай хамтран ажиллаж КУРОСУРФ бэлдмэлийг Монголд албан ёсоор бүртгүүлсэн. Энэхүү ажилд ЭХЭМҮТ-н удирдлага, нярайн эмч нар идэвхтэй дэмжин ажилласаны үр дүнд эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн юм. Дан ганц эмчилгээний бэлдмэлийг нэвтрүүлээд зогсох биш нярайн эмч мэргэжилтнүүдийг онол практик хослосон сургалтад хамруулж энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторуудыг Монголдоо урин авчирч орчин үеийн эмчилгээний арга техникийг зааж сургах ажлыг Монгол Эм Импэкс Концерн зохион байгуулан ажилласан. Энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддагаараа онцлогтой юм.
Мөн Улаанбаатар хотын болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг Латви, Литва, Испани, Казакстан, Серби, Швейцари, Франц, Армени, Гүрж, Австри зэрэг улсууд руу олон улсын эмч нарын чуулга уулзалт, хурлын арга хэмжээнд оролцуулж, эмчилгээний шинэ арга барил, мэдээлэл авах боломжийг олгосон. Энэ талаар сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
ЭХЭМҮТ Хүүхдийн эмнэлэг Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг
Би ЭХЭМҮТ. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг, энэ сайхан мэргэжлээрээ 19 жил тасралтгүй ажиллаж байгаа. Нярайн салбар дэлхийд өнөөдөр ч эрүүл мэндийн хамгийн чухал салбаруудын нэг юм. Бид Монгол улсдаа энэ салбараа хөгжүүлэхийн төлөө, нярайн салбарт гарч буй шинэ эмчилгээ оношлогооны технологуудыг нутагшуулах, практикт хэрэглэгдэж эхлээд байгаа тоног төхөөрөмжөө бүрэн ашиглан бусад нярайн тусламж үзүүлж буй 2 дахь шатлалын эмнэлгүүдэд боловсон хүчнийг бэлтгэх, онол дадлага хосолсон сургалтуудыг хийхэд идэвхийлэн оролцдог. Манай байгууллага Монгол Эм Импекс Концерн компанитай хамтран “Дутуу бага жинтэй нярайн эмчилгээний асуудал, амьсгалын менежмент, сурфактант эмчилгээ” сэдвээр 5 удаагийн сургалтуулдыг хийсэн байна. Латви улсад зохион байгуулагдсан Нярай болон ургийн анагаах ухааны форумд оролцсондоо туйлын их баяртай байна.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн Эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч Ч.Бурмаа
Олон улсын томоохон форумд оролцож “Нярайн болон ургийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний маш чухал мэдлэг, мэдээллийг энэ арга хэмжээнээс олж авсан. Энэхүү форумаар европын орны оношилгоо, эмчилгээ манай орны эмчилгээтэй адил төстэй болон ялгаатай талууд, мөн давуу, сул талуудыг харьцуулж ямар зүйл дээр сайжруулах хэрэгтэйг ойлгож авсан. Мөн нярайн болон ургийн орчин үеийн эмчилгээний тактик, судалгаа шинжилгээний олон илтгэл, судалгааны ажлыг сонсож мэдлэг чадвараа нэмэгдүүллээ.
Миний хувьд маш үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрсөн. Тэр дундаа Куросурф эмчилгээ, Эмсо аппараттай ажиллах зэргийг орон нутагт нэвтрүүлэх нь чухал юм байна. Дутуу нярайн асуудалд анхааран эмч мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа Монгол Эм Импэкс Концерны хамт олон талархал илэрхийлье.
Өнгөрөгч жилүүдэд дэлхий дахинд амьсгал хямралын хам шинжийн эмчилгээ хурдацтай хөгжсөний үр дүнд хэт бага жинтэй нярайг хүртэл хүндрэл, нас баралтаас аварч чаддаг болсон байна. Тухайлбал Куросурф бэлдмэлийг эмчилгээнд өргөн ашигладаг АНУ-д 2000 оноос өнөөдрийг хүртэл 100,000 амьд төрөлт тутам тохиолдох дутуу нярайн нас баралтыг 100-9 болтол бууруулж чаджээ.
Монголд өнөөдрийн байдлаар 9000 гаруй хүүхдийг Куросурф бэлдмэлийн тусламжтай амьсгал хямралын эмчилгээнд оруулан амь насыг авраад байна. Мөн эмч мэргэжилтнүүдэд сургалтын ажлыг зохион байгуулсны үр дүнд орон нутгийн эмч нар Куросурф эмчилгээг амжилттай хийж байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл Мэндийн Төвийн эмч нар жирэмсний хожуу, хүнд хордлоготой эхэд мэс засал хийж дутуу төрсөн нярайд тус сумын эмч нар анх удаа Куросурф /сурфактант/ эмчилгээг амжилттай хийж эх нярайн амь насыг аварчээ. Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар дээшилж цаашлаад эмчилгээний үр дүн өндөр болж буйг уг үйл явдал харуулсан юм.
Олон хүүхдийн амь насыг амарч, олон гэр бүлд аз жаргал бэлэглэсэн нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дэмжихэд тууштай үйл ажиллагаа явуулсан Монгол Эм Импэкс Концерны ажлын үр дүн юм.